Monday, September 16, 2013

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГҮҮД, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ТЭМЦЭХ ҮР НӨЛӨӨТЭЙ АРГА ЗАМУУД



"ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГҮҮД, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ТЭМЦЭХ ҮР НӨЛӨӨТЭЙ АРГА ЗАМУУД"  БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД:
2013 он 6 дугаар сар                                                                                              Улаанбатар хот
ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвөөс гаргадаг “УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ-нд хийсэн дүн шинжилгээ

Тоон мэдээнд бүртгэдэг гэмт хэргийн төрлүүдээс дараах төрлийн гэмт хэргүүдийг түүж авав. Үүнд:
·         Хүн худалдаалах /113/
·         Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх /175/
·         Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх /188/
·         Мөнгө угаах (Жич: мөнгө угаах гэмт хэргийн бүртгэл хийгддэггүй болно)

Хүн худалдаалах
Хүн худалдаалах гэмт хэрэг нь ямагт зохион байгуулалттай төдийгүй олон улсыг хамарсан шинжийг өөртөө агуулдаг. Энэ утгаараа хүн худалдаалах гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бие даасан төрөл гэж хүлээн зөвшөөрөгддөг байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн сүүлийн 3 жилийн тохиолдолыг авч үзвэл нийт 16 хэрэг бүртгэгдсэнээс 2010 онд 1 тохиолдол буюу 6%, 2011 онд 6 тохиолдол буюу 38%, 2012 онд 9 тохиолдол буюу 56% нь байна. 2011 онд 6 дахин, 2012 онд 50%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 10 жилээр харьцуулж үзвэл: жич 2007 оны статистик мэдээ бүртгэгдээгүй


Сүүлийн 10 жилийг харьцуулж үзвэл нийт 122 тохиолдол байна. Энэ нь албан ёсны тоо ийм байвч далд цаана нь манай улсад энэ төрлийн гэмт хэргийн тоо болон хохирогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, арга хэлбэр нь нарийсаж байгааг олон судалгааны дүн мэдээ харуулж байгаа билээ.  Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг дараах хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгдэж байна. Үүнд:
1.      Бэлгийн мөлжлөг
2.      Хөдөлмөрийн мөлжлөг
3.      Захиалгат гэрлэлт
Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн охид, залуу эмэгтэйчүүд өртдөг байна. “Гадаадад болон өндөр цалинтай ажилд ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтанд хамруулна”, гэх мэт хуурамч зар сурталчилгаа болон хохирогчдийн эмзэг байдлыг далимдуулах, хүч хэрэглэх замаар охид, эмэгтэйчүүдийг аргагүй нөхцөл байдалд оруулан дотоод болон Хятад, Малайз, Макао, Хонг Конг болон Европын зарим орнуудад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг байна. Хүйсийн тэгш эрхийн төвийн мэдээлсэнээр 2003 онд 1, 2004 онд 4, 2005 онд 3, 2006 онд 11, 2007 онд 42, 20008 онд 27, 2009 онд 51 буюу нийт 139 хүн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авчээ.
Хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд их өртөж байна. Иргэдийг хуурамч зар сурталчилгаанаас гадна ажиллах хүч зуучлах нэртэй компани болон хувь хүн иргэдийг хил давуулан бүлгээр нь хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор дотоодод болон БНСУ, БНЧУ, Турк, Казакстан болон хөрш орнуудаар дамжуулан гуравдагч улс орнуудад худалдаалах хэрэг гарч байна. Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын мэдээлсэнээр 2010 оны 1 дүгээр сарын байдлаар 92 хүн хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авсан байна.[1]
Монгол Улсад “Гэр бүл зуучлал”-ын нэрийдлээр охид, эмэгтэйчүүдийг гадаад иргэдтэй тодорхой төлбөртэйгээр гэрлүүлэх үйл ажиллагаа өргөн хүрээтэй (2003 оноос 2012 оны 1 сард “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хууль батлагдтал) явагдаж байсан. 2003 оноос 2007 оны хооронд монголчуудын гадаад хүнтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54,1%-иар өсөж, тэдгээрийн 90-95 хувийг эмэгтэйчүүд эзэлсний ихэнх нь буюу 70% нь БНСУ-ын иргэдтэй гэр бүл болсон байна.[2] Хууль бус гэрлэлт зуучлалын компани, хувь хүмүүсээр зуучлуулсан иргэдийн олонхи нь харийн нутагт очиж, хүчирхийлэл дарамтад өртөж, байнгын боолчлолын байдалд орон, эрх ашиг нь зөрчигдөж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг байна.



[1] Хүний аюулгүй байдлын судалгааны төв. (2010). Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаархи тайлан.
[2] Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв. (2008). Гадаадын иргэнтэй гэр бүл болж буй талаархи судалгаа.
Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх
Эд зүйлсийг хууль бусаар хил нэврүүлэх буюу Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг сүүлийн 3 жилд нийт 205 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс  2010 онд 42% буюу 85, 2011 онд 26% буюу 54, 2012 онд 32% буюу 66 хэрэг байна. 2011 онд өмнөх оноос -36,5%-иар буурсан бол 2012 онд 2011 оныхоос 22,2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин нийслэл орон нутгаар харьцуулж үзвэл:

·         - 2010 онд орон нутагт гарсан хэргүүдийн дийлэнх буюу 55,2% нь Дорноговь аймагт буюу Замын-Үүдын боомтод гарсан байна. Нийсэлд гарсан 9 хэргийн 6 төмөр зам, 1 Нисэх буудалд үйлдэгджээ.
·        - 2011 онд орон нутагт гарсан хэргийн мөн 60,4% нь Дорноговь аймагт буюу Замын-Үүд боомтод гарсан бол нийслэлд бүргэгдсэн 6 хэргийн 5 нь төмөр замд бүртгэгджээ.
·      - 2012 онд орон нутагт гарсан хэргийн 44,4% нь Замын-Үүд боомтод гарсан. Нийслэлд бүртгэгдсэн 22  хэргийн 14 нь буюу 63,3% нь төмөр замд бүртгэгджээ.
Сүүлийн 3 жилд нийт “Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэг 205 тохиолдол бүртгэгдсэнээс Замын-Үүд боомтод 91 тохиодол буюу 44,3% нь эзлэж байгаа бол төмөр замаар 25 тохиолдол буюу 12,5%-ийг эзлэж байна. Мөн Увс, Ховд, Баян-өлгий, Сүхбаатар аймгуудад багагүй хувийг эзлэж байна.
Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх

Сүүлийн 3 жилийн тоон мэдээг шүүж үзвэл нийт 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь хэдий бага харагдаж байгаа боловч 2011 онд 50%-иар өсч, 2012 онд 2,7 дахин өссөн байгаа нь цаашид өсөх хандлагатай байгааг илэрхийлж байна.
Дүгнэлт
1.      Хүн худалдаалах гэмт хэргийн суурь шалтгаан болох ажилгүйдэл, ядуурлыг багасгахад төрийн зөв оновчтой бодлого явуулах
2.      Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжид стандарт тогтоож, цалин хөлсийг нэмэгдүүлэх
3.      Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, нөхөн төлбөр олгох, нэр хүндийг нь сэргээх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэрргийлэх зэрэг асуудлыг цогцоор нь хөндсөн хуулийг батлах, эрх зүйн орчныг сайжруулах (Хүн худалдахтай тэмцэх тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль г.м.)
4.      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ард нийт, ялангуяа эмзэг бүлгийнхний дунд түлхүү зохиож, иргэдэд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх
5.      Манай улсын урд хөрш болох Хятад улстай харилцдаг гол бүс Замын-Үүд боомтоор олон хууль бус үйлдлүүд гарч байна. Үүний учир шалтгааныг тогтоож, таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
6.      Төмөр замын хяналтыг сайжруулж хилээр “эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх.
7.      Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэг харьцангүй бага төдий харагдавч маш хурдацтайгаар өсч байгаа тул энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлж, боловсон хүчнийг бэлтгэж илүү мэргэшүүлэх.

d  Судлаач: Д. Аюуш
2   2013 он 5 дугаар сар 



No comments:

Post a Comment