Wednesday, September 18, 2013

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР НӨЛӨӨ”

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР НӨЛӨӨ” БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД:

2013 он 8 дугаар сар                                                                                              Улаанбатар хот

СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ЧИГ ХАНДЛАГА, АВАХ АРГА ЗАМ
1. Судалгаанд оролцогчдын ерөнхий дүр зураг
2. Гэрлэлтийн гэрээ, эд хөрөнгийн маргаан
3. Учир шалтгаан, нөхцөл байдал
4. Гэрлэлтийн гэрээний хэрэгжилт, үр нөлөө
5. Дүгнэлт зөвлөмж


1. СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ

График №1 Нас, хүйс

Судалгаанд оролцогчдын 70% нь 40 хүртэлх насны хүмүүс байсан бол мөн дийлэнх олон буюу 72% нь эмэгтэй хүмүүс байна.

Хүснэгт №3 Боловсрол
Утга
Тоололт
Хувь
1
Дээд
1319
78,7
2
Тусгай дунд
148
8,8
3
Бүрэн дунд
159
9,5
4
Бүрэн бус дунд
48
2,9
5
Бага
3
0,2

Нийт
1677
100
80% нь  “Дээд” боловсролтой байгаа нь “Гэрлэлтйин гэрээ” –ний талаар илүү бодит мэдээлэл өгөх нь харагдаж байна.

График №2 Ажил эрхлэлт (хувиар)
Гэрлэлтийн гэрээний талаар илүү их ойр, мэдээлэл авах (өгөх) үүднээс судалгаандаа тогтмол орлоготой хүмүүсийг хамруулсан. Нийслэл, аймаг, сумын  нийт хүмүүсийн 90,5% нь төрийн болон төсвийн мөн хувийн байгууллагад ажилладаг байна.  

График №3 Сарын дундаж орлого (хувиар)
Судалгаанд оролцогчдын 92,4% нь 1 сая төгрөг хүртэлх орлоготой байна. Үүнээс 62,4% нь 500 мянга хүрэлх орлоготой байна. Хамгийн орлого багатай иргэд (500 мянган төгрөг хүртэлх) суманд 77,7%, аймагт 74,5%, нийслэлд 54,6%-тай байна. Сарын дундаж орлогыг доорх графикаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаар ялгаж үзвэл:

График №4 Сарын дундаж орлого (харьцуулалт)
Графикаас харвал 500 мянган төгрөг хүрэлх орлоготой хүмүүс төрийн байгууллагад 77,6% нь ажиллаж байгаа бол хувийн байгууллагад 26,1% нь л ажиллаж байна. Харин хувийн байгууллагад ажиллагсадын  71,7% нь 501 мянгаас 2 сая төгрөг хүрэлх орлоготой байна.

2. ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ, ЭД ХӨРӨНГИЙН МАРГААН
Нэг ч хүн “Гэрлэлтийн гэрээ”-г бүрэн гүйцэт (иргэний хуульд зааснаар) байгуулаагүй байна. Учир судалгаанд хамрагдсан  2146 хүмүүсээс нэг ч хүн гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө болон гэрлэлтийн гэрээний гол зорилго болох өрхийн төсөв, зардал хариуцах журам зэргийг тусгасан гэрлэлтийн гэрээг  байгуулаагүй тул ийнхүү дүгнэлээ.

График №5 Та "Гэрлэлтийн гэрээ"-ний талаар хэр мэдэх вэ? (Засаг захиргааны нэгжээр)
Судалгаанд оролцогчдын нийт (Нийслэл, аймаг, сум) дүнг нэгтгэвэл: Гэр бүл болох хүмүүсийн эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулах нь хэр зохимжтой талаар мэдэхгүй гэж 49,8% буюу хоёр хүн тутмын нэг нь үзжээ. Харин маргаан үүссэн тохиолдолд гэрээгээр зохицуулах нь зөв гэж 47,6% нь үзсэн байна. Яг “гэрлэлтийн гэрээ”-г хийсэн тохиолдлыг нийт хүмүүсийн 96,8% нь Мэдэхгүй болон Үгүй гэж хариулсан байна. Орон нутагт нийслэлээс ялгаатай нь гэрлэлтийн гэрээг мэдэх, хэрэгжих хандлага бага байна. Эд хөрөнгийн маргааныг гэрээгээр зохицуулах зохимжтой талаар “тийм” гэж нийслэлд 39,6% нь үзсэн бол суманд 29% нь үзсэн нь даруй 10%-ийн үзүүлэлтээр бага байна.  Мөн тодруулаад эд хөрөнгийн маргааныг “гэрлэлтийн гэрээ”-ээр зохицуулах нь зөв гэж нийслэлд хоёр хүний нэг нь буюу 50,4% нь үзсэн бол суманд 38,5% нь үзжээ. Үүнээс үзэхэд орон нутагт илүү уламжлалт сэтгэлгээтэй байгаа нь харагдаж байна.

График №6 Та "Гэрлэлтийн гэрээ"-ний талаар хэр мэдэх вэ? (Ажил эрхлэлтээр)
Ерөнхийдөө нийт судалгаанд оролцогчдын хоёр хүн тутмын нэг нь эд хөрөнгийн маргаан, түүнийг гэрээгээр зохицуулах, гэрлэлтийн гэрээны талаар ойлголт, мэдээлэл байхгүй байна.
Ажил эрхлэлтээр харьцуулж үзвэл гэрлэлтийн гэрээний хэрэгжих хандлага, байдал хувийн байгууллагад ажилладаг хүмүүст өндөр байна. Тодруулбал эд хөрөнгийн харьцааг гэрээгээр зохицуулах нь зохимжтой эсэх талаар зөв гэж үзсэн нь төрийн болон төсвийн байгууллагад ажиллагсад 36%-тай, хувийн байгууллагад ажиллагсад 42,9% -тайгаар илүүтэй байна. Гэр бүлд маргаан үүссэн тохиолдолд гэрээгээр зохицуулах нь зөв талаар төрийн болон төсвийн байгууллагад ажиллагсад 46,3%, хувийн байгууллагад ажиллагсад 51,4% нь үзсэн байна.
Өмнөх графикт (график №6) гарснаар төрийн болон төсвийн байгууллагад ажиллагсад орлого тааруу түүнийгээ дагаад эд хөрөнгийн маргаан үүсэх нь бага байна. Харин хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад амьдралын боломж, хэрэглээ, орлого арай илүү болохоор эд хөрөнгийн маргааныг гэрээгээр зохицуулах сонирхол, сэдэл нь илүү байна.


3. УЧИР ШАЛТГААН, НӨХЦӨЛ БАЙДАЛ

График №7 Гэрлэлтийн байдал 
Нийт судалгаанд оролцогчдын 68,5% нь гэрлэсэн хүмүүс байгаа бол гэрлэлтээ цуцлуулсан  хүмүүс 2,9% нь байна. Аймагт тогтвортой амьдарч байгаа буюу гэрлэсэн хүмүүс нийслэлд гэрлээгүй, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс, суманд өрх толгойлсон хүмүүс тус тус бусдаасаа их байна. Орон нутгаар харьцуулж үзвэл ийм (график №7) байгаа бол ажилладаг байгууллагаар нь харьцуулж үзвэл:

График №8
Төрийн байгууллагад ажилагсадын 74,7% нь гэрлэсэн, 16% нь гэрлээгүй байна. Харин хувийн байгууллагад ажиллагсадын 57% гэрлэсэн, 33% нь гэрлээгүй байна. Дээр дурьдсанаас  үзвэл өндөр орлоготой хүмүүсийн гэрлэсэн байдал бага, орлого багатай хүмүүсийн гэрлэлтийн байдал өндөр байна. Үүний шалтгааныг доорх графикаас харж болно.

График №9 Гэрлэсний бүртгэл[1]



[1] Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын , 2013 оны 6 дугаар сарын 5 өдрийн 8/4869тоот, Тоон мэдээ

Улсын дүнг харвал иргэд гэрлэлтээ батлуулах, гэрлэх байдал 2012 оны дүн 2007 оны дүнгээс даруй 4 дахин буурсан байна. 2007 оноос хойш энэ өсөлт 5 жилийн дотор огцом хурдтай буурсан нь гэрлэлт гэдэг ариун нандин холбоог эдийн засгийн хөшүүргээр шийдэх гэсэн  төрийн буруу бодлогоос болж хөөс маягаар өссөн нь батлагдаж байна. Учир нь 2006 онд Монгол улсын засгийн газраас шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөгний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гарсан билээ.
Гэр бүл нь эд хөрөнгийн харилцаа болон эдийн бус амины харилцаан дээр тогтож байдаг. Эдийн бус амины харилцаа нь гэрлэгчид харилцан бие биенээ хайрлах, халамжлах, итгэлцэх, тэжээн тэтгэх эрх үүрэг байдаг. Гэр бүл амины харилцаагүйгээр зөвхөн эд хөрөнгийн харилцаан дээр оршин тогтнох аргагүй юм. Үүний нэг тод жишээ нь 2006 оны шинээр гэрлэсэн хосуудад өгөх 500 мянган төгрөгний халамжийн бодлого юм.  Харин гэр бүл цуцалсны бүртгэлийг сүүлийн 5 жилээр үзвэл:

График №10 Гэр бүл цуцласын бүртгэл[2]

Гэрлэлтийн байдал 2010 оноос буурсан байхад  гэрлэлт цуцлалтын байдал эсрэгээрээ 2012 он талруугаа өсч байна. Энэ нь урьд хэлсэнчлэн эдийн засгийн зохиомол хөшүүргээр бий болгосон худал (хөөс) гэрлэлтийн  үр дүн аажмаар сарниж байна. Өөрөөр хэлбэл 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн 500 мянгын бодлого 2009 онд зогссон. Үүнээс хойш гэрлэлт эрс буурсан нь дээрх графикаас харагдана. Мөн 500 мянган төгрөгнөөс болж гэрлэлтээ бүртгүүлсэн эд хөрөнгийн харилцаанд суурилсан, гэр бүлийн амины харилцаагүй хосууд цаашидаа салах нь ойлгомжтой юм.
Иймээс гэрлэлтээ цуцлуулсан хүмүүсийн дунд яг одоогийн байдлаар өндөр орлоготой, мөнгөтэй (эд хөрөнгийн маргаантай байж болох) хүмүүс байхгүй, мөнгөнд нь дурлаж гэр бүл болцгоосон мөнгөгүй, орлогогүй хүмүүс дийлэнх нь байна. Мөн гэрлэлт цуцлалтын жинг хөдөө орон нутгаар харьцуулж дүгнэвэл: 2012 оны гэр бүл цуцлалтын 61,6% нь нийслэлд хамаарагдаж байгаа бол мөн энэ оны гэр бүл бологсдын дүнг үзвэл нийслэлд 43,8% нь л бүртгүүлсэн байна. Нийслэлд хүмүүс гэр бүл болох нь бага мөртлөө салалт их байна. Харин гэрлэлт цуцлуулсан байдлыг үзвэл:


График №11 Та гэрлэлтээ ямар журмаар цуцлуулсан бэ? 




[2] Мөн тэнд

Судалгаанд оролцогчдын гэрлэлтээ цуцлуулсан хүмүүсийн 2 хүн тутмын 1 нь шүүхийн журмаар цуцлуулсан байна. Насанд хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай хосууд гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулдаг бол захиргааны журмаар эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асуудалгүй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулдаг байна. Гэрлэлт цуцлалтын 49% нь шүүхийн журмаар цуцлуулж байгаа нь энэ хэмжээгээр хүүхдүүд өнчирч цаана ямарваа нэг асуудал үүсч байгаа нь харагдаж байна.

График №12 Та гэрлэлтээ цуцлуулахдаа ямар асуудлаар (нөхөр, эхнэр) -тэйгээ маргаантай байсан бэ?
 Судалгаанд оролцогчдын 33% нь ямар нэг байдлаар маргаан үүсгэсэн байна. Үүнээс 12% нь эд хөрөнгө хуваах маргаан байгаа нь тийм ч өндөр үзүүлэлт биш юм. Эд хөрөнгийн маргаантай хэргүүдийн талаарх судалгааг нийслэлийн шүүхийн архиваас шүүж үзвэл:


График №13 Эд хөрөнгийн маргаантай иргэний хэрэг (Нийслэлийн 6 дүүрэг)[3]



[3] “Нийслэлийн шүүх”-ийн архиваас шүүсэн тоон мэдээ, 2013 оны 5 сар

Архивын дүнгээс үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан иргэдээс
·         2010 онд 6,6% 
·         2011 онд 8,6%
·         2012 онд 8% нь л эд хөрөнгийн маргаантай байна.
Бидний социологийн асуулгад гэрлэлтээ цуцалсан хүмүүсийн эд хөрөнгийн маргаантай нь 12% байсан бол яг шүүх дээр ирээд шийдүүлэхэд дундажаар 8% хувьтай гарч байна. Энэ нь зарим хэргийг хэргэсэхгүй болгосон, эвлэрсэнтэй холбоотой учир социологийн асуулгын дүн, шүүхийн дүнгийн  хувь нь багасаж байгааг дээрх графикаас харж болно.

График №14 Та нөхөр/эхнэртэйгээ эд хөрөнгөө зохицуулах гэрээ байгуулахад ямар хүндрэлтэй асуудал  гарна гэж бодож байна вэ?
 Эд хөрөнгийн зохицуулах гэрээг иргэдийн  49,7% нь мэдэхгүй учраас байгуулаагүй бол 28,2% нь байгуулах шаардлага ч байхгүй гэж үзжээ. Харин энэ гэрээг байгуулах нь эхнэр/нөхөртөө буруу сэтгэгдэл төрүүлнэ гэж үзэж байгаа нь 19,2% нь байна. Тодруулбал хоёр хүн тутмын нэг нь “гэрлэлтийн гэрээ”-г мэдэхгүй бол гурван хүний тутмын нэг нь байгуулахгүй гэж эрс татгалзаж, таван хүний нэг нь хайр сэтгэлд нь сэв суулгана гэж үзэж байна.
Иймээс иргэд  хууль эрх зүйн мэдээллээ хаанаас авдаг талаар үзвэл:


График №15 Та эрх зүйн мэдээ, мэдээллийг хаанаас авдаг вэ?
 Эрх зүйн мэдээ мэдээллийг иргэдийн дийлэнх нь буюу 67% нь телевиз радио, интернет зэргээс авдаг байхад 5% нь хууль зүйн туслалцааны төвөөс авдаг байна. Хүний эрхийн асуудал, эрх зүйн мэдээ мэдээлэл өөрөө өнгөц төдий зүйл биш тул телевиз радиогоор дурдаад өнгөрөх нь иргэдэд тэр болгон үр дүнтэйгээр хүрэхгүй байгаа нь харагдаж байна.

4. ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ                                                        (Хуульчдаас авсан санал асуулгын жишээн дээр)


График №16 Гэрлэлтийн гэрээ
“Гэрлэлтийн гэрээ”-ний талаар хоёр хуульчдын нэг буюу 51% нь мэднэ гэсэн хариулт өгсөн байна. Хэдий хоёр хуульч тутмын нэг нь мэднэ гэсэн хариулт өгсөн боловч дөнгөж 4.7% хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулсан (Иргэний хуульд заасан гол зорилгын хүрээнд биш) гэж хариулт өгсөн байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр гэрлэлтийн гэрээний ач холбогдлыг мэдэх, гэрлэлтийн гэрээ байгуулах магадлал өндөртэй хуульчид хүртэл гэрлэлтийн гэрээ байгуулахгүй байна. Ямар шалтгаанаар хуульчид гэрлэлтийн гэрээ байгуулахгүй байна вэ? Эрх зүйн зохицуулалтын хувьд дутмаг болоод байгуулахгүй байна уу? Аль эсвэл гэрлэлтийн гэрээ байгуулах шаардлага байхгүй юу, Монгол хүний зан чанарт нийцэхгүй гэж үзэж байна уу. Магадгүй 2002 оны Иргэний хууль батлагдахаас өмнө гэрлэлтээ бүртгүүлсэн хуульчид байж болох ч Иргэний хуульд гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбоотой гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно гэж заасан байдаг.
Гэрлэлтийн гэрээний талаар эрх зүйн зөвөлгөө өгч байсан эсэх талаар 18,6% нь өгч байсан гэж хариулсан байна. Судалгаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, цагдаагийн албан хаагчид хамрагдсаны ажил үүргийн хувиарын хувьд гэр бүлийн эрх зүйн асуудлаас хол хуульчид байж болох ч бараг 20% нь гэрлэлтийн гэрээний талаар зөвлөгөө өгсөн байгаа нь нийгмийн зүгээс энэ асуудлаар сонирхсон, үүссэн асуудлаа шийдүүлэх хандлагатай байна гэж үзэж болох юм. Учир нь Монголын нийгмийн хөгжил хурдсахын хэрээр иргэд өмч хөрөнгөтэй болж, өмч хөрөнгөтэй иргэд гэр бүл болохдоо өмчийн баталгаат байдлаа хадгалахын тулд гэрлэлтийн гэрээ байгуулах эрэлт хэрэгцээ зайлшгүй нэмэгдэх хандлага гарч  байна.  


График №17 Гэрлэлтийн гэрээний талаар (Нийслэл, аймгаар нь харьцуулж харвал)
Дээрх графикаас харахад эхний хоёр асуултын хувьд (Та гэрлэлтийн гэрээний талаар мэдэх үү?, Та гэрлэлтийн гэрээ байгуулсан уу?) нийслэлийн хуульчид арай илүү хувьтай байгаа нь орон нутгийн болон нийслэлийн хуульчдын гэрлэлтийн гэрээний талаарх ойлголт, мэдлэгийн ялгааг харуулж байна. Учир нь нийслэл Улаанбаатарт байгаа хуульчид давтан сургалт, үргэлжилсэн сургалтад суух, хамрагдах боломж өндөртэй харин орон нутагт суугаа хуульчид орон зайны хувьд алслагдсан учраас сургалтад хамрагдах боломж бололцоо нь тэр хэмжээгээр буурсан байна. Харин гэрлэлтийн гэрээний талаар эрх зүйн зөвөлгөө өгч байсан талаар орон нутгийн хуульчдын хувь арай өндөр байгаа нь орон нутагт гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авах хүсэлтэй иргэдийн эрэлт их байгааг харуулж байна. Мөн орон нутагт гэрлэлт цуцлалт нийслэлээс бага байсан, орон нутгийн иргэд гэр бүлээ хадгалж авч үлдэх, гэр бүлийн асуудлаа шийдэх илүү эрмэлзэл байгааг харуулж байна.


График №18 Та гэрлэлтийн гэрээг ямар учир шалтгаанаар байгуулаагүй вэ?
Хуульчид гэрлэлтийн гэрээг байгуулаагүй шалтгаанаа мэдээлэл байхгүй 39,9%, гэрээг байгуулах шаардлагагүй 42%, гэрлэх хүнд маань эвгүй сэтгэгдэл төрүүлнэ гэж 8.80%, бусад шалтгаанаар 9.30%  (үүнд: 2002 оны Иргэний хууль батлагдахаас өмнө гэрлэлтээ бүртгүүлсэн, Гэр бүлтэй болоогүй байгаа) гэж үзжээ. Үүнээс үзэхэд хуульчдын 51% нь гэрлэлтийн гэрээг байгуулах шаардлагагүй гэж үзсэн байна. 
Харин гэрээ байгуулсан (Иргэний хуульд заасан гол зорилгын хүрээнд биш) 460 хуульчдаас 34 хүн байгаагаас гэрээг байгуулсан шалтгаанаа тодорхойлохдоо:


График №19 Та гэрлэлтийн гэрээг ямар шалтгаанаар байгуулсан бэ? (Хувиар)
Гэрлэлтийн гэрээ бодитойгоор хэрэгжиж чадаж байгаа талаар дүгнэхдээ:
Гэрлэлтийн гэрээ бодитой хэрэгжиж байгаа гэж хуульчдын ердөө 4% нь үзсэн байна.  Харин мэдэхгүй гэж 54%, гэрлэлтийн гэрээ бодитой хэрэгжихгүй байна гэж 42% үзжээ. Үүнээс үзэхэд 96% нь гэрлэлтийн гэрээний хэрэгжилтийн  талаар сөрөг хандлагатай хариулт өгч байгаа нь цаашид гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг зөвхөн иргэдэд төдийгүй хуульчдад ч мөн таниулах, сурталчилах шаардлагатай байна.


График №20
 Харин гэрлэлтийн гэрээний ач холбогдлын талаар хуульчид ач холбогдолтой гэж 60,3%, ач холбогдол багатай гэж 27,7%, огт ач холбогдолгүй гэж 12,1% нь үзжээ. Гэрлэлтийн гэрээ ач холбогдол өндөртэй, гэр бүлийн харилцааг зохицуулахад хэрэгтэй гэж дийлэнх нь үзсэн байна. Гэсэн хэдий ч гэрлэлтийн гэрээний талаар хоёр хуульч тутмын нэг нь мэдэхгүй, гэрлэлтийн гэрээний хэрэгжилтийн талаар 88% нь сөрөг хариулт өгсөн,  гэрлэлтийн гэрээний талаар 39.9% нь мэдээлэл байхгүй улмаас байгуулаагүй гэсэн үзүүлэлтээс харахад гэрлэлтийн гэрээний ач холбогдлыг хуульчид мэдсэн ч гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох, сурталчилж таниулах шаардлагатай байгааг харуулж байна.


График №21 Гэрлэлтийн гэрээний талаар таны санал?
Иргэний хуулийн  “Гэрлэлтийн гэрээ”-ний заалтыг хуульчид дүгнэхдээ сайн зохицуулалт гэж 4% нь үзэж байна. Харин энэ зохицуулалтыг сайжруулах, илүү тодорхой болгох гэдэг саналтай хуульчид 57% байна. Иргэний хуульд гэрлэгчдийн хөрөнгийн эрхтэй холбоотой гэрээг 2 зүйл, 6 заалтын хүрээнд зохицуулсан байна.
Хуульчид гэрлэлтийн гэрээгээр зөвхөн эд хөрөнгийн харилцааг зохицуулах ёстой гэж 24,4% нь үзсэн бол үгүй гэж 75,2% үзсэн байна. Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан... нөхцөл тусгахыг хориглоно” гэж заасан байдаг. Эд хөрөнгийн бус харилцаа гэдгийг “эд хөрөнгийн чанартай эрх үүргийн талаар шууд утгаар тусгаагүй нөхцөлд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан гэж үзнэ.[4] Тухайлбал, материаллаг бус харилцаанд хүүхэд, төрөл садантай харилцах харилцаа, ажил мэргэжлийн байдал, шашин шүтлэг, чөлөөтэй аялах, зорчих, бэлгийн харилцаа зэрэг[5] орно гэж тайлбарласан байна. Эд хөрөнгийн бус амины харилцааны нэг онцлог шинж нь материаллаг болон эдийн засаг, эд хөрөнгийн агуулгатай байж болохгүй бөгөөд эд хөрөнгийн бус эрх, үүрэг нь гэрлэлтийн гэрээ болон бусад гэрээ хэлцлийн зүйл болох боломжгүй, өөрөөр хэлбэл энэхүү эрх, үүргийг гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох боломжгүй юм[6] гэж гэр бүлийн эрх зүй судлаачид үздэг байна.
Дөрвөн хүн тутмын гурав нь гэрлэлтийн гэрээнд эд хөрөнгийн харилцаанаас өөр ямар нэг гэр бүлийн харилцааг нэмж зохицуулдаг болгох саналтай байна. Үүнд:
Энэ гэрээгээр өөр бусад асуудлыг зохицуулж болох талаар хуульчид үзэхдээ:
·         Тэжээн тэтгэх асуудлыг зохицуулж болно – 41,5%
·         Хүүхэд асрах асуудлыг зохицуулж болно – 38,5%
·         Гэрлэгчдийн ахуйн харилцааг зохицуулж болно – 33,8%
·         Эд хөрөнгийн харилцаанаас өөр асуудлыг зохицуулах шаардлагагүй – 20,4%
·         Бусад асуудлууд – 18,1%
гэж эрэмбээр жагсажээ. Харин нийслэл, орон нутгаар харьцуулж үзвэл:


График №22 Гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгийн харилцаанаас гадна өөр ямар харилцааг зохицуулах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?



[4]  Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ 2010 он.
[5]  Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ 2010 он.
[6] А.Дугармаа, Монгол Улсын гэр бүлийн эрх зүй. УБ 2005 он.

Зарим улсын хууль болон тус гэрээг байгуулах практикт тухайн гэрээгээр ирээдүйд олох ашиг орлого, болон гэрлэлтээс өмнө, гэрлэлтийн дараа үүсэх зардал, өр төлбөрийн асуудал болон тэжээн тэтгэх асуудал зохицуулагддаг байна[7]. Манай улсын хувьд тэжээн тэтгэх гэрээний талаар гэр бүлийн тухай хуульд тусад нь зохицуулж өгсөн байдаг. Мөн манай практикт байгуулж буй гэрээнд гэр бүлийн дундын эд хөрөнгөө хуваахаас гадна, тэжээн тэтгэх болон амины шинжтэй харилцааг зохицуулсан зүйл байгаа юм. 
 “Гэрлэлтийн гэрээ” буюу эд хөрөнгийн маргааны нэршлийн талаар хэр зохимжтой талаар хуульчид үзэхдээ.

График №23 Та “Гэрлэлтийн гэрээ” гэх нэршлийн талаар юу гэж үзэж байна вэ?

Монгол Улсын Иргэний хуульд “гэрлэлтийн гэрээ” гэсэн нэр томъёо байхгүй ч гадаад улсуудын хувьд “marriage contract, prenuptial agreement, брачный договор” гэх мэтчилэн гэрлэлтийн гэрээ гэж нэрлэдэг байна. Энэ гэрээг Иргэний хуульд “гэрлэгчдийн хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ” гэж заасан байна. Энэ нэрийг өөрчлөх шаардлагагүй гэж хуульчдийн 72% үзсэн. Учир нь уг гэрээгээр зөвхөн эд хөрөнгийн харилцааг зохицуулна гэж хуульчилсан. Гэрлэлтийн гэрээг үгийн шууд утгын үүднээс тайлбарлаж үзвэл үүгээр зөвхөн эд хөрөнгийн харилцааг зохицуулах юм байна гэсэн ойлголт төрүүлэхээргүй байна. Харин ч  эд хөрөнгийн харилцаанаас гадна, амины харилцааг хүртэл зохицуулж болох ерөнхий шинжтэй ойлгогдож байна. Мөн нөгөө талдаа  хуульчдаас “Гэрлэлтийн гэрээ” гэсэн нэр томъёогоор санал асуулга авсан учраас илүү өргөн хүрээнд, гэрээний эрх чөлөө зарчмын үүднээс ойлгосон байж болох юм.


График №24 Ер нь гэрлэлтийн гэрээ нь Монгол хүний зан заншил, соёл уламжлалд тохирох уу ? 
Хуульчид гэрлэлтийн гэрээний талаар цаашдын хандлагыг тодорхойлохдоо дийлэнх нь буюу 58% нь  нийгмийнхээ хөгжлийг дагаад хэрэглэж болно, өнөөгийн нөхцөл байдалд тохирно гэж 11% нь үзсэн бол тохирохгүй гэж 14% нь үзжээ. Үүнээс үзэхэд нийгэмд гэрлэлтийн гэрээ байгуулахгүй байгаа нь Монгол хүний зан чанар, менталитэд тохирохгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдэг шалтгаанаас илүүтэйгээр нийгэмд гэрлэлтийн гэрээний талаар мэдээлэл байхгүй, ач холбогдлыг нь ойлгоогүй байгаа учраас гэрлэлтийн гэрээ бодит утгаараа хэрэгжиж чадахгүй байна. 


[7] А.Батбаатар, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн зарим асуудал. УБ 2007 он.


5. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
          Манай улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр, хүний өмчлөх эрхийг хангахад  чиглэн ардчиллын тулгуур зарчмуудын нэг болох  хувийн өмчийг дээдлэх, хамгаалах үзэл санаанд тулгуурлан хувь хүмүүс, гэр бүлийн гишүүдийн хоорондын хөрөнгийн харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн механизм хэрэгтэй болсон. Иймд 1994 онд батлагдсан Иргэний хуульд гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан заалтыг нарийвчлан тусгасан бөгөөд 2002 оны Иргэний хуулиар түүнийг улам боловсронгуй болгосон зохицуулалт тусгагдсан. 2002 оны “шинэ” Иргэний хууль нь гэр бүлийн гишүүдийн дундын болон хуваарьт хөрөнгийг тус бүрт нь нарийвчлан зааснаас гадна нэгэн шинэ зохицуулалтыг тусгасан нь “гэрлэлтийн гэрээ”-ний зохицуулалт юм. Энэхүү гэрээгээр гэрлэгчдийн өмчтэй холбогдон үүсэх асуудал зохицуулагдах бөгөөд тэдгээрт хамтын эсхүл тус бүрийн хуваарьт өмчөө зохистой захиран зарцуулах талаарх зохицуулалт мөн эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоос ангид шүүхийн журмаар буюу бусдаар эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхээс  сэргийлэх ба аль аль талын эрх ашгийг харгалзсан зохицуулалтыг тусгаж болох бөгөөд бусад харилцан зөвшилцөх боломжийг олгожээ. Гэтэл 2002 оны Иргэний хууль хэрэгжээд даруй 10 гаруй жилийн хугацааг үдээд байна. Энэ нь тийм урт хугацаа биш ч тухайн нэг хууль хэрэгжээд бодит нөхцөлд хэрхэн нийцэж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг зохицуулж чадаж байгаа эсэх үүсэж буй үр дагаварыг тогтооход хангалттай хугацаа юм.
          Монгол улсад гэрлэлтийн гэрээ Иргэний хуульд заасан гол зорилгын хүрээнд байгуулсан гэрээ байхгүй байна. Учир нь:
          Нийт судалгаанд оролцогчдын (Нийслэл, аймаг, сум) хоёр хүний нэг нь гэрлэлтийн гэрээний талаар мэдэхгүй байсан бол мөн хоёр хүний нэг нь эд хөрөнгийн маргааныг гэрээгээр урьдчилан зохицуулах нь зөв гэж үзсэн. Мөн орон нутгаас нийслэл рүү өгсөх байдлаар гэрлэлтийн гэрээг мэдэх болон эерэг байр суурьнаас хандах байдал ажиглагдаж байна.  Ажил эрхлэлтийн хувьд төрийн болон төсвийн байгууллагад орлого тааруу түүнийгээ дагаад эд хөрөнгийн маргаан үүсэх нь бага байна. Харин хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад амьдралын боломж, хэрэглээ, орлого арай илүү учир эд хөрөнгийн маргааныг гэрээгээр зохицуулах сонирхол, сэдэл нь илүү байна. Үүнээс харахад л төр муу менежер, муу ажил олгогч гэдэг нь харагдаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ л гэхэд одоогийн байдлаар 140400 байснаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоож, энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр талууд шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 36,7%-иар нэмэгдсэн буюу 191,900 төгрөг болсон[8] нь өнөөгийн өртөг өндөртэй энэ нийгэмд тийм ч хангалттай үзүүлэлт биш юм.
Тогтвортой амьдарч байгаа буюу гэрлэсэн хүмүүс орон нутагт илүү байна зарим тохиолдолд нийслэлийн дүнгээс даруй 4 дахин их юм. Мөн гэрлээгүй, гэрлэлтээ цуцлуулсан, хамтран амьдрагч хүмүүс нийслэлд бусдаасаа илүү байгаа бол орон нутагт  өрх толгойлсон (6.7%) хүмүүс амьдарч байгаа нь нийслэлийн дүнгээс 3 дахин их юм. Төрийн байгууллагад ажилагсадын гэрлэлтийн хувь өндөр, хувийн байгууллагад ажилласадын гэрлээгүй хүмүүсийн хувь өндөр байна. Өөрөөр хэлбэл орлого өндөртэй  хүмүүсийн гэрлэсэн байдал тааруу, орлого багатай хүмүүсийн гэрлэсэн байдал өндөр байна. Учрыг тайлбарлавал: Гэрлэсний бүртгэлийн 2012 оны дүн 2007 оны дүнгээс даруй 4 дахин буурсан байна. 2007 он энэ өсөлт 5 жилийн дотор огцом хурдтай буурсан нь гэрлэлт гэдэг ариун нандин холбоог  эдийн засгийн хөшүүргээр шийдэх гэсэн оролдлогоос болж хөөс маягаар өссөн нь батлагдаж байна. Учир нь 2006 онд Монгол улсын засгийн газраас шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөгний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гарсан билээ. Үүнийг дагаад маш олон хуурамч гэрлэлтүүд бүртгэгдсэн.  2010 оноос тэтгэлэгийг зогсоосноор гэрлэлтийн байдал буурсан байхад гэрлэлт цуцлалтын байдал эсрэгээрээ 2012 он талруугаа өсч байна. Энэ нь урьд хэлсэнчлэн эдийн засгийн хөшүүргээр бий болгосон худал (хөөс) гэрлэлтийн  үр дүн аажмаар сарниж байна.
Иймээс гэрлэлтээ цуцлуулсан хүмүүсийн дунд  яг одоогийн байдлаар өндөр орлоготой, мөнгөтэй (эд хөрөнгийн маргаантай байж болох) хүмүүс байхгүй, мөнгөнд нь дурлаж гэрлэлтээ бүртгүүлсэн мөнгөгүй, орлогогүй хүмүүс дийлэнх нь байна. Арван гэр бүл салалт тутамд нэг гэр л  бүл нь эд хөрөнгийн маргаантай байна.
          Хуульчдын тал нь гэрлэлтийн гэрээний талаар мэдэхгүй ч иргэд тэнднээс гэрлэлтийн гэрээ, эд хөрөнгийн маргааны талаарх эрх зүйн зөвөлгөө асуудаг байна. Учир нь Монголын нийгмийн хөгжил хурдсахын хэрээр иргэн өмч хөрөнгөтэй болж, өмч хөрөнгөтэй иргэд гэр бүл болохдоо өмчийн баталгаат байдлаа хадгалахын тулд гэрлэлтийн гэрээ байгуулах эрэлт хэрэгцээ зайлшгүй нэмэгдэх хандлага гарч байна.
“Гэрлэлтийн гэрээ”-ний  зохицуулалтыг хуульчид үзэхдээ сайн зохицуулалт гэж 4% нь үзэж, дийлэнх нь буюу 58% нь нийгмийнхээ хөгжлийг дагаад хэрэглэж болно, өнөөгийн нөхцөл байдалд тохирно гэж 11% нь үзсэн бол тохирохгүй гэж 14% нь үзсэн. Гэрлэлтийн гэрээний хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хөгжил муу, хангалтгүй байна. Нөгөө талдаа  гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалт нь ойлгомжгүй, ерөнхий мөн иргэдэд ч хуульчид ч гэрлэлтийн гэрээний талаарх ойлголт дутмаг, ач холбогдлыг нь ойлгоогүй гэсэн дүгнэлтэд хүрч байна
Иймээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй:
·         Гэрлэлтийн гэрээ хэрэгжихгүй байгаа суурь шалтгаан болох нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх, түүнийг дэмжих төрийн зөв оновчтой цогц бодлого явуулах
·         Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтуудыг оновчтой, тодорхой нарийвчилж сайжруулах
·         Хуульчдад гэрээний зохицуулалтын талаар сургалт сурталчилгаа явуулах, мэдүүлэх
·         Нийгэмд гэрлэлтийн гэрээний ач холбогдолыг тайлбарлах, хүлээн зөвшөөрүүлэх мөн хуулийн эргэх холбоог сайжруулах арга хэмжээг зохион байгуулж явуулах
Иймд хувийн өмчийн харилцааг зохицуулах агуулга бүхий “гэрлэлтийн гэрээ”-ний энэхүү заалт бодит утга агуулгаараа хэрэгжвэл нийгэм, гэр бүл, хувь хүнд ихээхэн эерэг үр дүн авчрах учиртайг ард иргэдэд таниулах шаардлага байна.

Судлаач: Д. Аюуш 

2013 оны 8 дугаар сар