Monday, September 16, 2013

“ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН ТАЛААРХИ ЯВЦ ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ” СУДЛААЧИЙН ЗӨВЛӨМЖ:

“ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН ТАЛААРХИ ЯВЦ ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ” СУДЛААЧИЙН ЗӨВЛӨМЖ:
2013 он 5 дугаар сар                                                                                              Улаанбатар хот
Шүүхэд шинэтгэл эхэлсэн үү?
(Судалгааны дүн)
            Шүүхийн шинэтгэл эхэлсэн эхлээгүй, шүүхийн хараат бус байдал дээрдлээ, дордлоо гэх мэт олон мэдээлэл нийгэмд тархаж буй энэ үед бодит байдлыг тодорхойлох зорилгоор бүх шатны шүүгчдийн цугларалтын үеэр явуулсан судалгааны дүнг танилцуулж байна.
Хараат бус шүүх хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хариуцлагатай байлгаж, хууль, шударга ёсны ноёрхлыг тогтоодог.  Монгол Улсын шүүх эрх мэдлийн өмнө хуримтлагдан тулгамдсаар буй асуудлууд болох шүүх эрх мэдэл бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй байх, шүүх бие даасан, шүүгч хараат бус байх нөхцөлийг хангах шүүхийн эрх зүйг бүрэлдүүлэх, шүүхийн хүний нөөц, түүний чадвар, хариуцлагын хомсдлыг арилгах, шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж буй захиргааны чиг үүргийг Ерөнхий шүүгчид давхар гүйцэтгэх гэх мэт шүүх, хуулийн байгууллагын тогтолцооны зөрчилт байдал болон шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж буй шүүх эрх мэдлийн төсвийн хомсдлыг арилгах, шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлснээр батлагдсан Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлж буй энэхүү гарааны үед Монгол улсын бүх шатны шүүгчдийг хамруулан явуулснаара энэ судалгаа нь онцлог юм.
Түүнчлэн энэхүү товч судалгаа нь Монгол улсын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх амин чухал асуудлууд болсон шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгч хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн төсөв, захиргааг бие даалгах замаар хэрэг, маргааныг  шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхэд шүүгчдийн хүлээлт, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх асуудлаарх тэдний байр суурийг тандан тодорхойлохыг  зорьсон болно.

Нийт судалгаанд оролцогчдын  80.9% нь 6-аас дээш жил, үүнээс 30.4% нь 6-аас 10 жил, 50.6% нь 10-аас дээш жил тус тус ажилласан шүүгчид байна. Энэ нь шүүх эрх мэдлийн салбарт олон жил тасралтгүй ажилласан, туршлагатай оролцогсдыг хамруулснаар судалгааны үр дүн илүү бодьтой, практик туршлагад тулгуурласан, үнэнд ойр болохыг харуулж байна.

Шүүгчдийн 91.3% нь шүүхийн шинэтгэлийг хүлээж байсан бол 88.7% нь шүүхийн шинэтгэлийг нэгэнтээ эхэлсэн хэмээн үзэж,  

57.9% нь Шүүхийн багц хууль батлагдсанаар, 29.8% нь Өөрчлөлт, зохион байгуулалтын шийдвэрүүдээр шүүхийн шинэтгэлийг мэдэрч байгаагаа илэрхийлжээ.


Нөгөө талаар шинээр батлагдсан багц хуулиуд шүүхийн шинэтгэлийг ахисан түвшинд хүргэнэ гэж шүүгчдийн 77.6% нь үзэж байгаа нь “Шүүхийн шинэтгэл” нь цаг үеэ олсон төдийгүй шинэтгэлийн багц хуулидын хэрэгжилтээс тус салбарынхны хүлээх хүлээлт өндөр байгааг харуулж байна.


Цаашид шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал нь “Шүүгчийн хараат бус байдлын баталгааг хангах явдал(49.8%)” хэмээн үзэж байгаа нь шинэ багц хуулиар баталгаажуулсан шүүгчийн хувийн болон албаны хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт зэрэг асуудлууд чухал зохицуулалтууд болсныг нотолж байна. Мөн шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх чухал асуудал нь шүүгчдэд хүний эрхийг эрхэмлэх хандлагын төлөвшил  хэмээн үзсэн нь шүүгчид мэргэжлийн үнэт зүйлийг мэдрэх болсон төдийгүй шинэчлэл өөрчлөлтийн хандлагад хөл нийлүүлэхийг эрмэлзэж байгааг мөн харуулж байна.


Түүнчлэн шүүхийн шинэтгэлд саад болж буй бэрхшээл нь (1) эдийн засгийн баталгаа 67.1% (2) хууль эрх зүйн орчин хангалтгүй 43.6%, (3).Шүүгчийн хараат байдал 38.7%, шүүхийн менежмент 30.9% хэмээн үзсэн нь “...шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”[1] гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх механизм, тогтолцоо бүрдүүлээгүйгээс энэ заалт тунхаг төдий оршиж, шүүх эрх мэдлийн эдийн засгийн баталгаа  хөшүүрэг байхгүйгээс угшилтай олон асуудлыг хуримтлагдахад хүргэсэн. Нөгөө талаар төсвийн хомсдол тулгамдсан асуудал болох нь мөн харагдаж байна. Энэ нь шүүгч хэн нэгэн мөнгөтэй хүний харьяалалд орох, шүүх эрх мэдлийн салбарт авилгал хөгжих хөрс болох, улмаар шүүх эрх мэдэлд иргэдийн итгэх итгэл суларч, шүүх эрх мэдлийн нэр хүнд унахад хүргэсэн. Шүүгчийн хэн нэгнээс хараат, хирархи тогтолцоо (социализмын үеийн ужиг тогтолцоо) одоог хүртэл албан бусаар оршсоор байгаа нь шүүхийн шинэтгэлийг нэн даруй, системтэй хийх  шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийг зохистой хангах ажлыг эрчимжүүлэхийг анхааруулж байна.



[1] МУ-ын Үндсэн хуллийн 48-3

Цаашид шүүхийн шинэтгэлийг шат ахиулан хэрэгжүүлэх тулгуур цэгийг шүүгчид а. Шүүгчдийн шударга томилгоо 68.9%, б. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх 46.7% в. Эдийн засгийг хөгжүүлэх, эрх зүйн орчин 39.3% хэмээн үзсэн нь цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь шударга, зүй ёсны зарчим шалгуурт нийцсэн, субьектив нөлөөнөөс ангид байх нөгөө талаар шүүгчдийн боловсрол, чадварыг чадавхжуулахаас гадна иргэдийн эрх зүйн боловсролд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн хөгжилд чиглэсэн эрх зүйн реформыг эн тэргүүнд авч үзэхийг чухалчилжээ. Түүнчлэн шударга ёс, зохист байдлыг бэхжүүлэх асуудал шинэтгэлийг шат ахиулахад чухал гэж оролцогсдын 38.5% нь үзсэн нь Эрх зүйн шинэтгэлийн стратегийн дараагийн шатны баримт бичгийн суурь үзэл баримтлал нь шударга ёс, зохист байдлын шалгуураар тодорхойлогдох нь чухал болохыг харуулж байна.


Шүүгчид дэд бүтэц, үйл ажиллагааны шинэтгэлтэй хөл нийлүүлэн ажиллахад өөрсдийн зүгээс нэн тэргүүнд анхаарах асуудлыг а. Өөрийгөө хөгжүүлэх 69%,                    б. Шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдал 68.6%, в. Шүүгчийн хараат бус байдлын баталгаа 66.1%  гэж тус тус онцолжээ. Өөрөөр хэлбэл шүүгчид шинэтгэлд зориулан өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж үзээд эдийн засгийн хараат бус байдалд хүрэх хэрэгтэй байгаа нь цаашид (хараат бус байдлаа) хамгаалах ач холбогдолтой болохыг илэрхийсэн байна.
Шинэтгэл хаана, хэрхэн хэрэгжиж байгаа талаар шүүгчид хангалтгүй гэж үзэж байна. Үүнийг дэлгэрүүлбэл Улсын дээд шүүх /Хяналтын/-д хэрэгжиж буй шинэтгэл хангалтгүй гэж шүүгчдийн  46,9% үзсэн бол, Аймаг, Нийслэлийн шүүх /Давж заалдах шатны/-ийн шинэтгэл хангалтгүй гэж  57,3%, Сум, Сум дундын, Дүүргийн шүүх /Анхан шатны/-ийн шинэтгэл хангалтгүй гэж  44% тус тус үзжээ.
Улс үндэстэн хурдацтай хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж чадах эсэхийг тодорхойлогч нэг хүчин зүйл нь шударга, бие даасан, чадварлаг шүүх гэдгийг олон улсын судалгаа харуулдаг. Тухайлбал Шүүхийн тогтолцоо сул, үйл ажиллагаа нь чанаргүй бол нэг хүнд  ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон хөрөнгө оруулалтыг 10 хүртэл хувиар бууруулдаг байна.   Ийм учраас хүний эрх, эрх чөлөө, ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа болсон шүүхийн үйл ажиллагааг цаашид улам бүр боловсронгуй болгох, институтын хувьд чадавхийг нь бэхжүүлэх, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь дан ганц шүүх, хуулийн салбарынхны  төдийгүй олон нийтийн хүсэн хүлээж буй нийгмийн захиалга тул тусгайлан хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлтэй холбоотой нийгмийн харилцааг  журамлаж, шүүхийн эрх зүйг бүрэн утгаар нь бий болгоход чиглэсэн шүүхийн багц хуулиудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нь нэн чухал бөгөөд цаг үеийн асуудал болж буйг энэ товч судалгаа дахин нотоллоо.
“ Хараат бус шүүхийг сайн хууль ч, чадварлаг засаг ч орлохгүй” гэдэг нь шүүхийн шинэтгэлийн багц хуулийн үр нөлөөтэй хэрэгжилтээс хамаарах нь дамжиггүй.


Судлаач: Д. Аюуш 

2013 он 5 дугаар сар



No comments:

Post a Comment